Өнөөдөр буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр нийслэл хотноо төрийн дээд байгууллагуудын хуралдаан болон шинэ жилийн баярын гол арга хэмжээнүүд болохоор товлогджээ. Оны сүүлчийн өдрийн онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.
Өнөөдөр өглөө 08:30 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан эхлэх бол 09:00 цагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болохоор төлөвлөгдсөн байна. Үргэлжлүүлэн 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Баярын цэнгүүн болон Уралдаан
Шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн баяр төв талбайд ёслол төгөлдөр зохион байгуулагдана. Мөн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн өв соёл, аж амьдралыг сурталчлах зорилгоор #АМИН НУТАГ видео контентын уралдааныг зарлаж байгаа бөгөөд бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авах ажээ.
Нийслэл хотод болон хилийн чанадад дараах үзэсгэлэнгүүд үргэлжилж байна:
- Дотоодод: МУЭ-ийн “Арт” галерейд “Оны шилдэг бүтээл-2025” 1 дүгээр сарын 3 хүртэл, Чингис хаан музейд “Анагаагч эх дэлхий” 1 дүгээр сарын 18 хүртэл, Үндэсний музейд “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн 2 дугаар сарын 2 хүртэл тус тус гарна.
- Гадаадад: Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болно.
