Yolo.mn сайтын зүгээс Монголын уран бүтээлчдийг цувралаар онцлон танилцуулж байгаа билээ. Өмнө нь “146 Records”-ийн залуу авьяастнуудыг танилцуулсан бол энэ удаа орчин цагийн урлагийн өнгийг тодорхойлж буй “Gangbay” хамтлагийг онцолж байна. Тэд энэ сарын 24-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд “Касета” нэртэй бие даасан тоглолтоо зохион байгуулж, олон мянган фенүүдээ цэнгэлдүүлсэн юм.
Урлагийн эхлэл: “Two Товариш Tour”
“Gangbay” нэр нь хамтлагийн гишүүд болох Гангаа, Баянаа нарын нэрнээс үүсэлтэй. Тэд 2019 оны 12-р сарын 20-нд “Two Товариш Tour” анхны дуундаа клип хийж, уран бүтээлээ олны хүртээл болгож байв. Удалгүй “Халхстар” нэртэй 10 дуутай анхны цомгоо гаргасан бол “Gilbee” цомог нь “Могжоохон хүү”, “Ганган цагаан”, “Seen” зэрэг хит дуунуудаараа олонд хүрчээ. Үүнээс хойш “Baby Shark”, “Тайл”, “Харанга”, “Virtual Love”, “Close Up”, “Моя”, “Саша” зэрэг олон бүтээлүүдээрээ хөгжмийн ертөнцөд байр сууриа бэхжүүлсэн байна.
Гангаа — Хөгжмийн анхны урам, жүжигчний замнал
Хамтлагийн ахлагч Д.Ганбат нь 1999 оны 6-р сарын 19-нд төрсөн. Тэрээр Эрдмийн ундраа 77-р сургуулийг төгсөж, СУИС-д жүжигчин найруулагчийн мэргэжлээр суралцжээ. “Амьдралын хүрд”, “Касета”, “Өндгөн сүй” зэрэг олон кинонд дүр бүтээсэн. Хөгжимд анх таван настайдаа нагац ахынхаа хуучин хуурцгийг сонссоноор дурлажээ.

Гангаагийн найз охин бол “Wasabies” хамтлагийн гишүүн асан Аминхүслэн (Мина). Тэд “Өндгөн сүй” киноны зураг авалтын үеэр танилцаж хосууд болсон юм.
Баянаа — Урлагийн олон талт авьяастан
С.Баянмөнх 1998 оны 10-р сарын 14-нд төрсөн бөгөөд “Зүүн билэг” 2-р сургууль, СУИС-ийг дүүргэжээ. “Хүний ээж”, “Галт шувуу”, “Хакер” зэрэг кино, “Хязгааргүй” хип хопера мюзикл, “Шадар III цэрэг” драмд гол дүр бүтээсэн. 2022 онд “Яг түүн шиг” шоуны ялагч болж байв. Post Malone-тай хамтран дуу хийхийг мөрөөддөг гэдгээ ярьсан нь сонирхолтой.
“Ганган цагаан” — Танигдсан анхны бүтээл
2020 оны 6-р сарын 20-нд “Ганган цагаан” дуугаа цацаж, 31 сая гаруй хандалт авчээ. Энэ дуу нь тэднийг өргөн хүрээнд олонд таниулсан анхны том амжилт болсон юм.
Түр тарсан ч эргэн нэгдсэн хамтлаг
2020 оны 12-р сард “Gangbay” албан ёсоор тарж буйгаа зарласан. Гангаа үүнд, “Хамтлаг миний санаачилгаар тарсан. Бид хоёрын нөхөрлөл хэзээ ч алга болохгүй. Бид тус тусдаа уран бүтээлээ хийж байгаа” хэмээн тайлбарлаж байв. Гэвч хожим дахин нэгдэж олон бүтээлээрээ эргэн ирсэн юм.
“Касета” — Монголын анхны реп мюзикл кино
“Gangbay” хамтлаг 2021 онд Монголын анхны реп мюзикл уран сайхны кино “Касета”-г бүтээжээ. Энэ төрлийн кино нь реп дуу, яруу үг, хэмнэлээр үйл явдлыг илэрхийлдэг урлагийн өвөрмөц хэлбэр юм. Кинонд Д.Ганбат гол дүрд тоглож, үзэгчдийн талархлыг хүлээсэн.

“Касета” тоглолт — СТА, гэрлэх санал, бяцхан артист
2025 оны 5-р сарын 24-нд болсон тоглолтын үеэр хамтлаг Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Баянаа тайзан дээр “СТА авахаар автобусаар үнэгүй л явдаг юм байна” гэж хошигносон нь олны анхаарлыг татав. Мөн Гангаа найз охин Минатай хамт дуулж, гэрлэх санал тавьжээ. Тоглолтын төгсгөлд түүний охин тайзан дээр гарч “Тэргэл сар” дууг аавтайгаа хамт дуулан, үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн юм.