Бямба, 4 сар 19, 2025
HomeЭрүүл мэндОкинавагийн иргэдийн урт наслалтын нууц юунд оршдог вэ?

Окинавагийн иргэдийн урт наслалтын нууц юунд оршдог вэ?

Японы хамгийн өмнөд хэсэг болох Окинава муж нь зөвхөн урт наслалттайгаараа бус, ахмад настанд нийтлэг тохиолддог өвчлөл багатай гэдгээрээ дэлхийд танигдсан. Тэндхийн хүний биед ээлтэй амьдралын хэв маяг, ялангуяа хооллолт нь олон улсын судлаачдын сонирхлыг татсаар иржээ.

Судлаачдын олон жилийн турш хийсэн ажиглалт, судалгаанаас үзэхэд, окинавачуудын хүнс тэжээлийн бүтэц нь эрүүл мэндэд тустай, шим тэжээл өндөртэй атлаа илчлэг багатай байдаг. Тэдний хүнсний хэрэглээнд байгалийн гаралтай фитонутриент, ялангуяа флавоноид болон антиоксидант ихээр агуулагддаг бөгөөд эдгээр бодисууд нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, мөн зүрх судасны болон хорт хавдрын зарим хэлбэрийн эрсдэлийг бууруулах чухал нөлөөтэй.

Эрдэмтдийн үзэж буйгаар, урт наслахад тустай хэмээн тооцогддог олон төрлийн дэглэмт хооллолт нь Окинавагийн уламжлалт хоолны бүтэцтэй маш төстэй. Тухайлбал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ голлодог, мах, тослог бүтээгдэхүүн, чихэр, давс, сүү сүүн бүтээгдэхүүнийг хязгаарласан байдаг. Энэ нь хүний биеийн жинг хэт нэмэгдүүлэхгүй, мөн цусан дахь сахарын түвшинг тогтвортой байлгах давуу талтай.

Мөн тэдний хооллолт нь гликемийн ачаалал багатай, антиоксидантаар баялаг тул зүрх судасны эмгэг болон исэлдэлтийн стрессээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой бөгөөд хорт хавдрын эсрэг ч хүчтэй нөлөө үзүүлдэг.

Судлаачид Окинавагийн өндөр настнуудын 60 жилийн турш хадгалагдсан эрүүл мэндийн архивын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд, бага илчлэгтэй хоолны хэрэглээ нь тэдний урт наслалтын суурь шалтгаан гэдэг нь батлагдсан байна.

Нас ахихын хэрээр ихэнх хүний биеийн жин нэмэгдэх хандлагатай байдаг бол окинавачууд бага наснаасаа эхлэн илүүдэл жингүй, тогтвортой биеийн жинг хадгалах нь тэднийг насжилтаас үүдэлтэй өвчлөлд өртөх магадлалыг эрс бууруулж, амьдралын чанарыг хадгалах үндэс болдог ажээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд