ОХУ-ын эсрэг олон улсаас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний цар хүрээ 2014 оноос хойш тасралтгүй тэлсээр өдгөө 31,500-ыг даваад байна. Эдгээр худалдааны бус хязгаарлалтуудын дийлэнх буюу 92.5 хувь нь 2022 оны хоёрдугаар сараас хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд идэвхжсэн нь геополитикийн нөхцөл байдал хэрхэн хурцадсаныг илтгэж байна.
Хориг арга хэмжээгээр АНУ тэргүүлж байгаа бөгөөд нийт 7,411 хязгаарлалт буюу нийт хоригийн 23.5 хувийг дангаараа хэрэгжүүлж байна. Түүний араас Канад 3,980, Швейцар 3,851 хориг тавьснаар удаалж байгаа бол Европын Холбоо 3,212 хязгаарлалтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Мөн Норвег, Их Британи, Исланд, Шинэ Зеланд зэрэг улсууд тус бүр 2,000-аас дээш тооны хориг нэвтрүүлжээ.
Австрали болон Япон улсууд мөн Оросын эсрэг хамгийн их хориг тавьсан эхний 10 улсын жагсаалтад багтсан байна. Эдгээр хориг арга хэмжээнүүд нь ОХУ-ын эдийн засаг, технологийн салбар болон хувь хүмүүст чиглэсэн бөгөөд олон улсын зүгээс үзүүлж буй шахалтын үндсэн механизм болоод байна.
