Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Цаг уур, орчны шинжилгээний газрын (ЦУОШГ) албаныхан гол, усны осол, түймэр болон цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нарын хамт олон мэдээлэл өгсөн юм.
Ой, хээрийн түймрийн талаар
Т.Баярхүү хурандаа мэдээлэл өгөхдөө: “Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 121 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.4%-иар өссөн үзүүлэлт юм. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан гал түймэрт онцгой анхаарал хандуулан унтраах ажиллагаа явуулж байна. Түймрийн үйл ажиллагаанд 359 алба хаагч, 22 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн үүрэг гүйцэтгэж байгаа. Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, хуурайшилт их байгаа тул түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэж хэллээ.
Цаг агаарын тухай
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: “Энэ сарын төгсгөл хүртэл говийн бүс, Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун үргэлжлэх боловч хойд хэсэгт бороошиж, сэрүүсэх төлөвтэй байна. Ялангуяа 28, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул усны аюул, үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэж мэдээлсэн.
Усны осол, амь нас хохирсон тохиолдол
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Ш.Анхтуяа: “Сүүлийн 5 жилийн статистикээр, усны ослын 69% нь зуны улиралд бүртгэгдсэн бөгөөд 41% нь зөвхөн 7 сард тохиолддог. Он гарсаар 2025 оны зургаадугаар сарын 25-ны байдлаар 38 усны осол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 10 хүний амь насыг авран хамгаалсан байна. Гэвч 23 хүний амь нас хохирч, үүний 16 нь том хүн, 7 нь хүүхэд байна. Тиймээс гол, усны ойролцоо амарч буй иргэдэд аюулгүй байдлаа хангах, хүүхдүүдэд хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсний дараа гол ус руу орохгүй байхыг анхааруулж байна” гэж онцолсон.
Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгож зарласан бөгөөд энэ өдрүүдэд бүх иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн орчин, амьдарч буй газар, байгуулагынхаа аюулгүй байдлын эрсдэлийг тооцож, мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Энэ жил 42,093 хүн “Аюулгүй байдлаа шалгах” системд оролцсон байна.
Ямар харамсалтай мэдээ вэ… Бага насны хүүхдүүдийг сайн харж, усны дэргэд орхихгүй байх хэрэгтэй дээ
Зуны улиралд амрах сайхан ч, аюулгүй байдал хамгийн чухал шүү. Хүүхдүүддээ усанд сэлэх зөв дадал заах хэрэгтэй