Төв талбайд 16 дахь өдрөө үргэлжилж буй “Огцрох амархан” нэртэй жагсаалын төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон УИХ дахь намуудын бүлгийн дарга нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй байв.
Жагсагчдын нэг, төлөөлөгч О.Уламсайхан уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бид гурван хүнтэй уулзах хүсэлтээ гаргасан. Үүнээс УИХ-ын дарга манай хүсэлтийг хүлээн авч, бусад холбогдох албан тушаалтнуудтай хамт уулзсан. Уулзалтаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д албан ёсоор өргөн барьсан учраас одооноос хойш ямар нэг өөрчлөлт хийх боломжгүй гэж тайлбарласан. Энэ асуудлыг УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх ажээ” гэв.
Түүнчлэн тэрээр жагсаалын үр дүнгийн талаар дараах байр суурийг илэрхийлэв: “’Огцрох амархан’ жагсаал үр дүнгүй байгаагүй. Бид тодорхой үр дүнтэй ажиллаж ирсэн. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэдэг нь өөрөө нэг дэвшил юм. Хэдий хүсэж буй эцсийн үр дүн маань биш ч бидний хүргүүлсэн өргөтгөсөн гурван шаардлагын хоёр нь биелсэн гэж үзэж байна.”