2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дунд орлоготой улс орнуудын асуудлаарх өндөр түвшний хуралдаан амжилттай болж өнгөрлөө.
Дэлхийн банкны ангиллаар өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс дунд орлоготой улс орнуудын ангилалд багтаж, тэдгээрт хүн төрөлхтний 75 хувь нь амьдарч байна. Хуралдааны үеэр дунд орлоготой орнууд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг хэлэлцэж, ДНБ-ээс гадуур үнэлэх шинэчлэл, хамтын ажиллагааны арга барилыг ч мөн авч үзэв.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хурлын үеэр үг хэлэхдээ 2024 онд Монгол Улс дунджаас дээш орлоготой орны ангилалд багтсаныг онцоллоо. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар баталсан “Ирээдүйн төлөөх тунхаг”-т тусгасан олон улсын банк санхүүгийн бүтэц, зохицуулалтын шинэчлэлийг хурдасгах шаардлагатайг онцлов.
Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын 2024–2034 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан Н.Анхбаяр олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдийг эдгээр улс орнуудын дэд бүтцийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриаллаа.