Монголын Үндэсний музей болон Монголын хэл хуурчдын холбоо хамтран анх удаа зохион байгуулж буй “Нүүдэлчдийн хэмнэл – Хэл хуур” нэртэй тусгай үзэсгэлэн Улаанбаатар хотод нээгдлээ. Үзэсгэлэн нь 2025 оны 4-р сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хэл хуур хэмээх уламжлалт хөгжмийн зэмсгийг олон нийтэд таниулж, соёлын өвийг хадгалах зорилготой юм.
Хэл хуур (варган) нь монголчуудын эртний хөгжмийн зэмсэг бөгөөд дэлхий даяар 160 гаруй оронд хэрэглэгддэг. Энэ зэмсгийг Татарстаны татарууд “кубыз”, Унгарт “доромб”, Якутууд “хомус” хэмээн нэрлэдэг бол Монголд “хэл хуур” хэмээдэг. Үзэсгэлэнд дэлхийн 20 үндэстний 90 орчим хэл хуур тавигдсан ба зэмсгийн хэлбэр хийц нь тухайн орны байгаль, зан заншил, сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлдэг онцлогтой.
Үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг бол Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгой хэмээх газраас олдсон Хүннүгийн үеийн булшнаас гарсан ясан хэл хуурын хуулбар юм. Энэ хуулбарыг 2017 онд нарийвчлалтай хийсэн бөгөөд хөгжмийн зэмсгийн үүсэл, үүргийг сонирхуулан тайлбарласан байдаг.
Үндэсний музейн тайлбарлагч М.Мөнхнайрамдал хэлэхдээ:
“Хүннү нар ‘Нуман хуур’ гэх зэмсгийг ангийн болон дайны нумны хөвч, сумны хамт ашиглан шөнө дохио дамжуулах зорилгоор ашиглаж байжээ. Энэхүү дохио — гал унтраах, чимээгүй байхыг илэрхийлдэг байсан нь хожмоо хөгжмийн зэмсэг болж хувирсан” гэжээ.
Мөн тэрбээр хүрэл зэвсгийн үеийн чулуун хөшөөний нэг талд бамбугаар хийсэн хэл хуурын дүрслэл байсныг дурдаж:
“Бамбугаас хийсэн хэл хуур Хятадаас Торгоны замаар орж ирсэн цайны данхтай хамт Монголд нэвтэрсэн бол, Якут гар урлаачид хүний хоолойн тембрт тохирсон дуугаралттай хэл хуур бүтээдэг байсан” хэмээн нэмж хэлсэн байна.