Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэж, баталлаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тоо баримтад дурдсанаар өнөөдрийн байдлаар дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний зориулалттай адуу бий. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, эдийн засаг, нийгэмд чухал байр суурь эзэлж ирсний баталгаа юм.
Адууг зөвхөн уналга, ачлага, спортын уралдаанд бус аялал жуулчлал, амралт зугаалга, хүнс, уламжлалт анагаах ухаан зэрэг олон салбарт ашиглаж ирсэн. Тэр дундаа өргөн уудам газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт адууны ач холбогдол илүү өндөр байдаг.
Гэвч сүүлийн жилүүдэд амьдралын хэв маяг, технологийн хөгжил, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр адууны тоо толгой, үүлдэр угсаа, ахуйн хэрэглээ эрчимтэй буурч эхлээд байна.
Ийм нөхцөл байдалд Монгол Улс адууны өв соёл, уламжлалаа хамгаалж ирсэн нүүдэлчин үндэстний хувиар анхаарал татаж, олон улсын хэмжээнд энэ сэдвийг гаргаж тавих нь зүйтэй гэж үзсэн юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэж байх тухай тогтоолын төслийг санаачилжээ.
НҮБ дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр тогтоолыг танилцуулах үеэр хэлсэн үгэндээ: “Хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй асар их үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил дэх адууны ач холбогдлыг нэмэгдүүлэх, адууны өв соёл болон нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалахыг уриалах индэр болох учиртай” гэж онцолсон юм.
Энэхүү тогтоолын төслийг батлах үйл явцад Монгол Улсын санаачилгыг 56 улс дэмжиж, хамтран зохиогчоор нэгдсэн байна. Үүнд Австри, Бахрейн, Бразил, БНСУ, БНХАУ, Венесуэл, Катар, Лесото, Марокко, ОХУ, Португал, Герман, Тайланд, Турк, Япон, Киргиз, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан зэрэг олон улс багтжээ.
Тогтоолд заасны дагуу анхны “Дэлхийн адууны өдөр”-ийг 2025 оны долоодугаар сарын 11-нд дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх юм.