Иргэд улирал тутам НӨАТ-ын буцаан олголт авах боломжтой бөгөөд 2025 оны эхний улирлын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд шилжихээр төлөвлөгдсөн байна. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас иргэдэд анхааруулга өгч, баримтаа хугацаандаа бүртгүүлэхийг санууллаа.
Тодруулбал, 2025 оны нэгдүгээр улиралд хийсэн худалдан авалтын төлбөрийн баримтуудыг 2025 оны 4 дүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt.mn системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Үүнээс хойш оруулсан баримтууд тухайн улирлын буцаан олголтын тооцоонд орохгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 болон 15.3-т зааснаар, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан иргэд тухайн улиралд НӨАТ суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтын төлсөн татварын 20 хүртэлх хувийг буцаан авах эрхтэй юм.
Иймд урамшууллаа хугацаанд нь бүрэн авахыг хүсэж буй иргэд:
- Баримтаа хугацаанд бүртгүүлэх
- Баримт нь НӨАТ суутган төлөгчөөс гаргасан байх
- Хувийн мэдээллээ зөв бүртгэсэн байх зэргийг анхаарах нь чухал.