Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт 2024 онд хэрэгжүүлсэн шинэчлэлүүд үр дүнгээ өгч, 2025 оны эхний таван сарын байдлаар орлого болон зорчилтын тоо эрс нэмэгдсэн талаар албаныхан мэдээллээ.
2025 оны эхний таван сард нийтийн тээврээс төвлөрсөн орлого 22 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 тэрбум төгрөгөөр илүү байгаа бөгөөд гол шалтгаан нь “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьцааг нийслэл эзэмших болсон явдалтай холбоотой. Тус компаниас 2024 оны эхний таван сард 13 тэрбум төгрөгийн орлого төвлөрч байсан бол энэ онд 16.1 тэрбум төгрөг болж 3.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.
2024 оны эхний таван сард нийтийн тээврээр нийт 60.8 сая хүн зорчсон бол 2025 оны мөн хугацаанд энэ тоо 68.4 саяд хүрсэн нь 7.6 саяаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь нийтийн тээврийн хүртээмж сайжирч, иргэдийн итгэл нэмэгдэж буйг харуулж байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийг нийслэл эзэмших болсноор тээврийн орлогын хяналт, зохицуулалтад илүү үр дүнтэй хяналт тавих боломж бүрджээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэчлэлийн хүрээнд автобусны парк шинэчлэл, төлбөрийн системийн сайжруулалт зэрэг бодит ажлууд үр нөлөөгөө өгч эхэлсэн нь эдгээр үзүүлэлтэд эергээр нөлөөлсөн байна.