Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр, 2021–2024 оны хооронд хэрэгжүүлсэн парк шинэчлэлтийн хүрээнд төрийн өмчит нийтийн тээврийн 90 гаруй хувь шинэчлэгдээд байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нийслэлд нийт 1176 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Парк шинэчлэл хийгдсэнээр нийтийн тээврээр зорчсон иргэдийн тоо 91.2 саяд хүрч, үйлчилгээний нийт орлого 30.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн төрийн өмчит 1000 гаруй автобусны шатахууныг сольж, Евро-5 стандартад нийцсэн түлш ашиглаж эхэлжээ.
Евро-5 түлшний нөлөө
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал хэлэхдээ: “НИТХ-аар баталсан машин цагийн зардлын хүрээнд ажилчдын цалин, шатахуун, сэлбэг хэрэгсэл, нийгмийн даатгал зэрэг долоон төрлийн зардал ордог. Энэ зардлыг нэмэгдүүлж баталснаар нийтийн тээврийн бүх автобус Евро-5 түлш рүү шилжлээ. Үүний үр дүнд Улаанбаатарын гудамжинд хар утаа хаях автобус бараг үгүй болсон” гэж онцоллоо.
Түүний хэлснээр, Евро-5 түлш нь хүхрийн агууламж 300 дахин бага, хоруу чанараар энгийн түлшнээс хавьгүй бага үзүүлэлттэй байдаг.
Нийтийн тээврийн чанар сайжирчээ
Өмнө нь нийтийн тээврийн автобусууд хуучин, утаа ихтэй, зарим тохиолдолд шатах аюултай байсан бол одоо утаагүй, дотор орчны цэвэр, үзэмж сайтай шинэ автобусууд нийтийн тээврийн гол хүчийг бүрдүүлж байна. Ингэснээр хотын агаарын бохирдол буурах, зорчигчдын тав тух дээшлэх зэрэг олон эерэг өөрчлөлт гарчээ.
