Нийслэлд ханиад, томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн 6–9 дүгээр ангийн сургалтыг энэ долоо хоногт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Танхимын хичээл түр завсарласан энэ хугацаанд сурагчид эргэн ирэх үедээ илүү аюулгүй, эрүүл орчинд суралцуулах зорилгоор сургуулиудад өргөн хүрээтэй ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил шат дараатайгаар эхэлжээ.
Одоогийн байдлаар нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 1326 хүүхдийн ор бэлэн байдлын зэрэгт байгаагаас 1076 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 971 нь (90.2%) нь томуу, томуу төст өвчний оноштой байгаа аж. Нийслэлд бүртгэгдэж буй томуу, томуу төст өвчний 88–89 хувийг 0–15 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд үүний 56.5 хувийг 6–15 насны сурагчид буюу ЕБС-ийн насны хүүхдүүд бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, сургууль дээрх голомтот халдвар хамгийн өндөр түвшинд байна гэсэн үг.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 11, 12 дугаар саруудад томуу, томуу төст өвчний дэгдэлт оргилдоо хүрдэг үеийг тооцож, хичээл цахимаар явагдаж буй энэ хугацаанд бүх сургууль, цэцэрлэгийг бүрэн халдваргүйжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байна.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлын үндсэн мэдээлэл
- Нийслэлийн хэмжээнд 182 сургуульд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.
- Сургуулийн ангид, коридор, үүдний хэсэг, ариун цэврийн өрөө, спорт заал, нийт дотор орчин зэрэг агаар, гадаргуу дээр вирус, нян тархах эрсдэлийг бууруулах зорилгоор иж бүрэн цэвэрлэгээ, ариутгал хийгдэж байна.
- Нийтдээ 700 мянган м² орчим талбайг хамарсан энэ ажлыг мэргэжлийн 7 байгууллагын баг гүйцэтгэж байгаа бөгөөд тус бүрийн ажилтан, албан хаагчид стандартын дагуу ариутгалын бодис, төхөөрөмж ашиглан ажиллаж байна.
- Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулиудыг бүрэн хамруулж, дараагийн шатанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийг ариутгалд бүрэн хамруулахаар зорьж байна.
Нийслэлийн удирдлагуудын мэдээлснээр, ийм төрлийн арга хэмжээг томуугийн дэгдэлт оргил үед жил бүр тогтмол, илүү сайжруулсан төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эсэх, ханиад томуугийн шинж тэмдэгтэй үед сургуульд илгээхгүй байхыг мөн анхааруулж байна.
