Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 хэсгийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Г.Нандинжаргалд хуулийн хугацаанд нь өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 12-нд болсон нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар:
- Нийслэлийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг,
- Суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг,
- Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Төсвийн орлогын төлөвлөлт
2026 оны төсвийн орлогын төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлого болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, орлогын төрөл тус бүрээр тооцоолж, боломжит эх үүсвэрийг дайчилсан байна. Ингэснээр нийслэлийн төсөвт нийт 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Мөн ирэх онд бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл, хяналтыг сайжруулах замаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм.
2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан:
- Бүсчилсэн хөгжил,
- Хүний хөгжил,
- Эдийн засаг,
- Ногоон хөгжил,
- Засаглалын бодлого гэсэн таван үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд төсөв чиглэж байна.
Түүнчлэн Туулын хурдны зам, Метро, Сэлбэ 20 минутын хот орон сууцны иж бүрэн хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт болон газар чөлөөлөлтийн зардлыг төсөвт тусгажээ. Үүнээс гадна инженерийн дэд бүтэц, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн салбарт хэрэгжих төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
