Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэхүү үйл ажиллагаа аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Эхний өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн ирц 20 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөлттэй гэж албаныхан мэдээллээ.
Хан-Уул дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Д.Баасанхүү: “Энэ удаагийн цэрэг татлагыг “Батлан хамгаалах сэргэлт” бодлого болон “Эх оронч Монгол — Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд зохион байгуулж байна. Цэргийн алба хааж буй залуус жолооны В ангиллын үнэмлэх, компьютерийн болон англи хэлний анхан шатны мэдлэг, мөн үндэсний бичгийн сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжтой. Залуусын цэрэгт сайн дураар хамрагдах хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай” хэмээлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Анармаа: “Манай төвөөс 40 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Цэрэгт татагдах иргэдийг 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр эрүүл мэндийн байдлыг нь тогтоож байна. Үүнд нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, гэмтэл, сэтгэц, халдварт өвчин, зүрх, судас, дотор, арьсны үзлэгүүд орж байгаа” гэлээ.
Залуусын сэтгэгдэл
Цэргийн албанд татагдсан Г.Анар: “Цэрэг татлагын комиссоор орж тэнцлээ. Цэргийн алба хаах гэж байгаа нь миний хувьд бахархал. Эр хүн болж төрсний үүрэг, нэр төр гэж боддог. Нэг жилийн хугацаанд их зүйл сурч, дурсамжтай байх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
