Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, 1 иргэний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжийн 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан байна.
Өвлийн улиралд галлагаа нэмэгддэгтэй холбоотойгоор галын аюул болон угаарын хийн эрсдэл ихэсдэг. Тиймээс дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.
- Зуух, яндангийн бүрэн бүтэн байдал: Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангах, яндангийн цооролт, битүүмжлэлийг тогтмол шалгах шаардлагатай.
- Угаарын хийн мэдрэгч: Мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, тэжээлийг нь таслахгүй, зайг нь дуусгалгүй ажиллуулах хэрэгтэй.
- Цахилгааны ачаалал: Цахилгаан халаагуур болон бусад өндөр чадалтай төхөөрөмжийг ашиглахдаа цахилгааны шугам сүлжээний хэт ачаалал үүсгэхгүй байх нь галын эрсдэлийг бууруулна.
- Ил задгай үнс: Үнс нурмаа ил задгай хаяхгүй байх, зориулалтын тагтай төмөр саванд хийж хэвших нь салхиар дамжин гал алдахаас сэргийлнэ.
Гол мөрний мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх нь
Хэдийгээр хүйтний эрч чангарч байгаа ч гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, даац нь бүрэн бэхжээгүй байна. 2026 он гарсаар мөс цөмөрсөн харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
- Зам товчлохгүй байх: Цаг хугацаа хожих, зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр явган зорчих нь амь насанд эрсдэлтэй.
- Тээвэрлэлт: Авто тээвэр хийхдээ зөвхөн баталгаат гүүр, замаар зорчиж, мөсөн дээгүүр автомашинтай явахаас татгалзах хэрэгтэй.
- Хүүхдийн хяналт: Бага насны хүүхдийг гол, мөрний орчимд хараа хяналтгүй тоглуулахгүй байх, мөсөн дээр гулгахаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
