HomeЭдийн засагНийслэл ДЦС-5-ын санхүүжилтэд 200 тэрбумын бонд босгож эхэллээ

Нийслэл ДЦС-5-ын санхүүжилтэд 200 тэрбумын бонд босгож эхэллээ

Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 10.3, Өрийн удирдлагын тухай хуулийн 281.1-д нийслэлийн үнэт цаас гаргах дээд хэмжээг 275 тэрбум төгрөгөөр тогтоосон. Энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх зорилгоор нийслэл дотоодын зах зээлд 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэж, өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлэн цан цохих ёслол хийлээ.

Ингэснээр 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг нийслэлийн бондыг олон нийтэд санал болгож эхэлсэн байна. Төсөл нь нийслэлийн өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг шийдвэрлэх томоохон эх үүсвэрийн нэг гэж үзэж байгаа юм.

Арилжааны нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр нийслэлийн эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүгийн олон төрлийн хэрэгслээр хэрэгжүүлэх боломж бодитоор нээгдсэнийг онцолсон байна.

Х.Нямбаатарын хэлснээр өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол 40 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахын тулд юуны өмнө цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр тодотголоо.

Тэрбээр мөн “Улаанбаатар хот одоогоос хоёр жилийн өмнө анхны дотоод бондыг арилжиж байсан. Хоёр жилийн хугацаатай гаргасан дотоод бондыг энэ оны эхний хоёрдугаар хагаст төлөөд дуусаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл төлөх ёстой дотоод бондын үлдэгдэлгүй болсон учраас 42 жилийн түүхтэй Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн санхүүжилтэд шаардагдах 200 тэрбумын бондыг өнөөдөр арилжихад бэлэн болоод байна” гэж мэдэгдсэн юм.

ДЦС-5 ашиглалтад орсноор:

  • 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангана
  • 40-50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ
  • Улаанбаатар хотын баруун хойд хэсгийн эрчим хүчний ачааллыг бууруулна

Хотын даргын мэдээлснээр ДЦС-5-ын эхний блокийг 2028 оны I улиралд хүлээн авахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнээс хойш төсөл бодит үр өгөөжөө өгч эхэлнэ. Түүнчлэн нийслэл өмнө нь Бөөрөлжүүтийн 300 МВт цахилгаан станцыг дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлсэн туршлагатайг дурдсан байна.

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулжээ. Нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар байхаар тооцоолсноос нийслэлийн хариуцах хувь нь 20 хувь буюу 131.7 сая ам.доллар байна. 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар энэ нь 467.4 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд үүнээс 2026 онд 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоожээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд