Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) алдартай баг болох “Лос Анжелес Лейкерс” тун удахгүй шинэ эзэнтэй болох гэж байна. TWG Global хэмээх олон салбарт үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал Марк Уолтер тус багийн хяналтын багц хувьцааг 10 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцжээ.
Энэхүү мэдээллийг ESPN телевизийн суваг баталгаажуулсан бөгөөд энэ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй арилжаа болохоор байна. Өмнө нь хамгийн өндөр үнээр зарагдсан спортын баг нь NFL-ийн “Вашингтон Коммандерс” байсан бөгөөд 2023 онд 6.05 тэрбум доллараар зарагдсан. Харин 2025 оны эхээр NBA-ийн “Бостон” багийг 6.1 тэрбум доллараар худалдан авах тухай мэдэгдсэн ч, уг хэлцэл одоогоор эцэслэн батлагдаагүй байгаа.
“Лейкерс” баг 1979 оноос хойш Бассын гэр бүлд харьяалагдаж ирсэн бөгөөд энэ хугацаанд тус баг NBA-д 11 удаа түрүүлсэн нь бусад бүх багуудаас хамгийн өндөр амжилттай үзүүлэлт болсон. Нийтдээ 17 удаа аварга болсон тус баг нь энэ үзүүлэлтээрээ зөвхөн “Бостон”-д дийлддэг. Харин “Бостон” 2024 онд түүхэн 18 дахь аваргын цомоо хүртсэн билээ.
Худалдах хэлцлийн дараа Бассын гэр бүл багийн 15 хувиас багагүй хувьцааг эзэмшсээр байх бөгөөд Жимми Басс одоогийн ерөнхий менежерийн албан тушаалдаа үлдэх юм. Уолтер анх 2021 онд “Лейкерс”-ийн 26 хувийг Фил Аншутцаас худалдан авч, багийн ирээдүйн хяналтын хувьцааг урьдчилан авах эрхтэй болсон байдаг.
Марк Уолтер болон түүний удирдаж буй TWG Global нь спортын салбарт идэвхтэй хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тэд АНУ-ын МЛБ-ийн “Лос Анжелес Доджерс”, WNBA-ийн “Лос Анжелес Спаркс”, Английн “Челси” хөлбөмбөгийн баг зэрэг хэд хэдэн томоохон байгууллагад хувьцаа эзэмшдэг. Мөн автомашины спортын TWG Motorsports салбараар дамжуулан 2026 оноос “Формула-1”-д оролцох “Кадиллак”-ийн багийг эзэмших болсон.