NASA хагас зуун гаруй жилийн дараа сар руу хүн илгээх анхны нислэгтээ бэлтгэж эхэллээ. “Space Launch System” (SLS) пуужин 4 дүгээр сарын 1-ний үдэш хөөрөхөөр төлөвлөгдөөд байна. Хөлөгт багтсан дөрвөн сансрын нисгэгч 10 хоногийн турш сарыг тойрон нисээд, эх дэлхийдээ буцаж ирэн Номхон далайд газардах юм.
Нислэгийн удирдагч Чарли Блэквелл-Томпсон “Манай баг энэ мөчид хүрэхийн тулд маш шаргуу ажилласан. Одоогоор бүх үзүүлэлт биднийг маш сайн бэлтгэгдсэн байгааг илтгэж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр пуужинг засварлаж дууссан бөгөөд цаг агаар ч тааламжтай байх төлөвтэй байгааг онцолжээ.
NASA-гийн “Артемис-2” (Artemis-2) даалгавар уг нь өнгөрсөн хоёрдугаар сард эхлэх байсан ч устөрөгчийн түлш алдагдсаны улмаас хойшлогдсон юм. Түлшний асуудлыг шийдвэрлэсэн ч гелийн шугамд бөглөрөл гарснаар пуужинг ангарт (хөлөг байрлах зориулалтын байр) буцаан оруулж засварласан байна. Ингээд 1.5 долоо хоногийн өмнө пуужинг хөөргөх талбайд гаргаж, АНУ-Канадын хамтарсан баг өнгөрсөн Баасан гарагт байрандаа иржээ.
1968-1972 оны хооронд хэрэгжсэн “Аполлон” даалгаврын хүрээнд зөвхөн эрчүүд сар руу нисэж байсан бол энэ удаагийн “Артемис”-ийн багт эмэгтэй хүн, өнгөт арьст нисгэгч болон АНУ-ын бус иргэн (Канад) багтсанаараа онцлогтой юм.
