2025 оны Үндэсний их баяр наадмын арга хэмжээний тасалбарын онлайн борлуулалт маргааш өглөө 07:00 цагаас эхэлнэ. Иргэд тасалбараа “enaadam.mn” цахим хуудаснаас авах боломжтой бөгөөд нэг хүн хоёр тасалбар авах хязгаартай байна.
Тасалбарын үнэ, хуваарилалт:
Төв цэнгэлдэх хүрээлэнд болох наадмын нээлт, бөхийн барилдаан зэрэг арга хэмжээний тасалбарын үнэ суудлын байршлаас шалтгаалан дараах байдлаар тогтоожээ:
- 100,000 төгрөг
- 130,000 төгрөг
- 150,000 төгрөг
Харин оройн тоглолт, концертын тасалбар “ticket.mn” сайтаар борлуулагдах бөгөөд хүссэн тоогоороо худалдан авах боломжтой юм.
Санхүүжилт ба төсөв
Наадмын нийт үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны батлагдсан төсвийн 5 тэрбум төгрөгийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөсөн. Мөн тасалбарын борлуулалтаас орох орлогыг баяр наадмын үйл ажиллагаанд нэмж зарцуулахаар тооцсон талаар албаны эх сурвалж мэдээлжээ.