Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар МАН-ын Бага хурлаар дэмжигдсэн Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Эрх баригч МАН-аас нэр дэвшүүлсэн түүний хувьд Ерөнхий сайдын албан тушаалд батлагдах нь бараг тодорхой болоод байгаа билээ.
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш шинэ Засгийн газрын бүтэц, сайд нарын бүрэлдэхүүнийг боловсруулж, хуульд заасны дагуу УИХ-д танилцуулах ёстой. Тодруулбал, тэрбээр “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай” хуулийн төслийг боловсруулан өргөн барих бөгөөд энэ нь хэдэн яам ажиллах, хэн хэн сайдаар томилогдох вэ гэдгийг тодорхой болгоно.
Хэрвээ өнөөдөр Ерөнхий сайдаар батламжлагдвал, энэ пүрэв гарагт болох чуулганы нэгдсэн хуралдаанд шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн танилцуулагдах хүлээлттэй байна.
Үүнтэй холбоотойгоор Г.Занданшатарын танхимд хэн хэн сайдаар үлдэх болон шинээр хэн томилогдох нь олны анхаарлыг ихээр татаж байна. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүдээс хэн түүний залгамжлагчийн багт орж үлдэх вэ гэдэг нь улс төрийн хүрээнд сонирхол татаж байгаа сэдэв болжээ.
Тухайлбал, Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байсан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэдэг нь бараг тодорхой болсон байна.
Тэрээр МАН доторх 1980-аад онд төрсөн шинэ үеийн төлөөлөл бөгөөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай нэг үеийнх боловч Ерөнхийлөгчид илүү ойр зогсдог гэдгээрээ онцлог. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед тэр Үндэсний баялгийн сан болон стратегийн ордуудын 34 хувийн талаархи асуудлуудад идэвхтэй оролцоогүй бөгөөд байр сууриа илэрхийлээгүй байдаг.
Мөн олон нийтийн анхаарлыг татсан “Түгжил” гэх нэр томъёог Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд ил хэлээгүй ч хэн рүү чиглэсэн байсныг улс төрийн хүрээнд ойлгомжтой болсон. Тодруулбал, энэ хүн нь Н.Учрал гэж үзэх хандлага давамгайлж байна. Түүнчлэн Н.Учрал нь Засгийн газар огцроход Ерөнхийлөгчийн талд ажилласан хэмээн дүгнэх нөхцөл үүссэн билээ.
Хэдийгээр Г.Занданшатар Ерөнхийлөгчид ойр хүмүүсийг багтаах магадлалтай ч, тэр бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй заавал зөвшилцөх шаардлагатай. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн байр суурь ч шинэ бүрэлдэхүүнд хүчтэй нөлөө үзүүлнэ. Энэ утгаар, түүний итгэлийг алдсан гэж тооцогдож буй Н.Учрал дараагийн Засгийн газарт орохгүй гэсэн яриа хөшигний ард эрчимтэй яригдаж эхэлжээ.
Шинэ Засгийн газарт хэн орох нь үргэлж сонирхолтой байдаг. Тэд улс орны хэрэгцээнд анхаарлаа хандуулна гэж найдаж байна
Улс төрд өөрчлөлт байнга гардаг. Энэ шинэ Засгийн газар эерэг өөрчлөлт авчрах эсэхийг харцгаая