Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадамд найм давж, улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаярт холбогдох допингийн маргаан ирэх сард эцэслэн хэлэлцэгдэхээр боллоо. Түүний шинжилгээнээс хориотой ангилалд хамаарах бодис илэрсэн нь бөхийн хүрээнд томоохон маргаан дагуулсан билээ.
Энэ асуудалтай холбоотойгоор Баяр наадам зохион байгуулах хорооноос Н.Өсөхбаярын цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 22-ны өдөр холбогдох зарлигт гарын үсэг зурсан байна.
Харин аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эс зөвшөөрч, Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст ханджээ. Ийнхүү түүний өргөдөлтэй холбоотой маргааныг албан ёсоор хэлэлцэх шатанд шилжүүлсэн байна.
Маргаанд дараах байгууллагууд холбогдогчоор оролцож байгаа юм:
- Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо
- Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо
- Үр дүнгийн удирдлагын баг
Тус маргааныг хэлэлцэх хуралдааны товыг зарласан бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 9-ний Пүрэв гарагт 10:00 цагт хуралдахаар болсон байна.
