Мьянмарын гоо бүсгүй, “Miss Tourism Myanmar 2018” цол хүртсэн Сили Ми хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүүхдийн амийг аврахаар зориглон барилга руу орж, нурангинд дарагдаж амиа алдсан талаар “Need To Know” агентлаг мэдээлэв. Тэрээр тус улсад 28-ны өдөр болсон, магнитуд 8.2-ын хүчтэй газар хөдлөлтийн үеэр Мандалай хот дахь “Sky Villa” орон сууцны барилга нурж эхлэхэд хүүхдийг аврахаар орж, нурангид орсон байна.
Гэрчүүдийн хэлснээр, Сили Ми бодож эргэлзэх ч завдалгүйгээр хүүхдийг хамгаалахаар гүйж орсон бөгөөд аврагчид түүний цогцсыг нурангин дороос гаргаж авчээ. Тус барилга нь 2017 онд ашиглалтад орсон, хотын хамгийн орчин үеийн хорооллуудын нэг байсан бөгөөд дээд давхартаа томоохон баар, фитнес төвтэй байжээ.
Сили Ми нь 2018 онд Мьянмарын анхны “Аялал жуулчлалын хатан хаан” болж, улсаа “Miss Tourism World” олон улсын уралдаанд төлөөлөн оролцож байсан юм. Тэрбээр олон нийтийн дунд танигдсан, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг залуу бүсгүй байсан бөгөөд олон хүний хүндэтгэл хүлээсэн нэгэн байв.
Гамшгийн үеэр Мьянмарт 3600 хүн амь үрэгдэж, 5000 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлжээ. Тайландын цаг уурын алба газар хөдлөлтийн хүчийг 8.2 гэж тогтоосон бөгөөд дараа нь 6.4 магнитудын чичирхийлэл дагалджээ. Доргилтыг Тайланд, Хятад, Вьетнамд ч мэдэрсэн байна.