Чингис хаан Үндэсний музей “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-даа дэлхийн тавцанд бахархам амжилт гаргасан Монгол иргэдийг алдаршуулах зорилготой тусгай буланг шинээр нээлээ.
Энэхүү буланд ой тогтоолтын спортын дэлхийн хэмжээний тамирчид болох МУГТ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өөрсдийн “Гиннесийн дээд амжилт”-ын батламж, алтан медаль, цом болон бусад дурсгалт зүйлсээ байршуулжээ.
МУГТ Н.Мөнхшүр сэтгэгдлээ хуваалцахдаа: “Оюун ухааны спортын төлөөлөл болж, ой тогтоолтын спортод гаргасан амжилтыг минь Монголын төр засаг үнэлж, “МУГТ” цол хүртээсэн билээ. Үүнтэй зэрэгцээд өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс Чингис хаан Үндэсний музейн “Монгол бахархлын танхим”-д дурсгал болгон өгсөн нь үнэ цэнтэй, үеийн үед дурсагдах үйл явдал болж байгаад баяртай байна. Цаашид амжилтаа ахиулж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явна.”
Энэ булан нь иргэд, залуусыг урам зориг авах, дэлхийд Монголчуудын нэрийг дуурсгасан түүхэн амжилтуудтай биечлэн танилцах боломжийг олгоно.