HomeСоёл УрлагМорин хуур урлаачдыг системтэй бэлтгэх сургалт эхэллээ

Морин хуур урлаачдыг системтэй бэлтгэх сургалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид морин хуур урлаачийн ангийг анх удаа байгуулжээ. Ийнхүү Монгол Улсад энэ чиглэлийн мэргэжилтнийг мэргэжлийн түвшинд бэлтгэх шинэ тогтолцоо эхэлж байна.

2025 оны намар тус ангид элссэн 30 гаруй суралцагч одоогоор нэг жилийн сургалтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тэдний суралцах орчин, хөтөлбөрийн хэрэгжилттэй Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн танилцсан байна. Мөн багш, мэргэжилтнүүдтэй уулзаж, сургалтын чанар, цаашдын боломжийн талаар ярилцжээ.

Шинээр нээгдсэн энэ ангид Морин хуур урлаачдын холбооны шилдэг мастер урлаачид хичээл зааж байгаа нь онцлог юм. Сургалт нь онол, дадлагыг хослуулсан бүтэцтэй бөгөөд танхимын хичээлээс гадна урлангийн орчинд ур чадварыг бодитоор эзэмшүүлэхэд чиглэж байна.

“Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга” хөтөлбөрийн хүрээнд:

  • давхар мэргэжил эзэмших
  • хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй урлаачаар бэлтгэгдэх
  • ажлын байранд шууд холбогдох боломж бүрдэх

нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцолжээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч суралцагчдад амжилт хүсээд, айл өрх бүр морин хуурчтай болох зорилтод урлаачдын оролцоо онцгой чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн энэ чиглэлийг цаашид төрийн бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

60 жилийн түүхтэй Үйлдвэрлэл урлалын политехник коллеж өнөөг хүртэл 40 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн байна. Одоогоор тус сургууль үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын чиглэлээр 33 мэргэжлээр сургалт явуулж, 2,152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай ажиллаж байгаа аж.

Мөн 250 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, төгсөгчдөө ажлын байраар хангах, цаашлаад дотоод, гадаадын 20 гаруй сургуульд шатлан суралцах боломжийг бүрдүүлдэг байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд