Олон улсын театрын өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрт “Мөнгөн мод 2024” соёл, урлагийн шилдгүүдийг шалгаруулах ёслол боллоо. Наадам “Монголын урлаг дэлхийн тавцанд” уриан дор болж, энэ жил 104 уран бүтээлч, 63 урлагийн бүтээл өрсөлдсөн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195-р тогтоолоор батлагдсан “Шалгаруулалтын журам”-ын дагуу 16 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү наадамд 25 төрөлд нийт 163 хүн өрсөлдөж, 12 бүтээлийн ангилал, 13 уран бүтээлчийн төрлөөр шилдгүүдийг тодруулжээ.
Г.Бямбасүрэн “Хувь тавилан” уран сайхны киногоороо “Шилдэг зохиолч, найруулагч”-аар шалгарсан. Тэрбээр “Энэ бүтээлийг хийж байсан цаг үе нүдэнд харагдах мэт тод санагдаж байна. Хувьсал продакшн бол миний амьдралын их сургууль байсан” хэмээн онцоллоо.
Соёлын өвийн ангилалд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” олон улсын үзэсгэлэн шилдэгээр тодров. Үзэсгэлэн Франц улсад 250 мянга гаруй хүнийг татсан бөгөөд “History” сэтгүүлээс 2024 оны шилдэг үзэсгэлэнгээр нэрлэсэн байна. Чингис хааны музейн захирал С.Чулуун “Ирэх аравдугаар сард Берлиний Үндэсний музейд уулзах болно” хэмээн мэдэгдлээ.
Хувцас загварын төрөлд дизайнер А.Тувшинзаяа “Цагаан зүрх” коллекцоороо шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан. Тэрээр Лондоны загварын долоо хоногт энэхүү бүтээлээ танилцуулсан бөгөөд “Зүгээр л хийж буй зүйлдээ дурлах нь амжилтын үндэс. Ээждээ талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.