Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрМонголын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-д болсон Ялалтын парадад оролцлоо

Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-д болсон Ялалтын парадад оролцлоо

Өчигдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын Улаан талбайд Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид олон улсын төлөөлөгчдийн хамтаар оролцсон байна.

Монгол цэргүүд олон улсын хамтарсан бүрэлдэхүүнд

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, парадад нийт 11,500 орчим орос цэрэг, мөн 13 улсын 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцжээ. Эдгээр орнуудын дунд Монгол Улсаас гадна БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг улс багтсан.

Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид нь парадад оролцохоосоо өмнө ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн сувилалд бэлтгэл сургуулилалт хийсэн. Энэхүү сувилал нь Москва хотоос 60 км-ийн зайд оршдог бөгөөд тэд Казахстан, Тажикистан, Туркменистаны цэргийн алба хаагчидтай хамт бэлтгэл хийжээ.

Энхбаатарын Билэгсайхан хошууч парадыг ахалжээ

Монголын парадын багийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хошууч Энхбаатарын Билэгсайхан удирдан оролцсон бөгөөд түүний команд дор:

  • 28 офицер,
  • 50 ахлагч,
  • 2 гэрээт цэрэг багтсан байна.

Ерөнхийлөгчийн түвшний оролцоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москва хотноо болсон Ялалтын баярын арга хэмжээнд бусад гадаадын удирдагчдын хамт оролцож, Улаан талбайд болсон парадыг үзэж, Кремлийн хэрмийн дэргэдэх Танихгүй цэргийн булшинд цэцэг өргөсөн байна.

Мөн 5-р сарын 8-ны өдөр Ерөнхийлөгч Хүрэлсүх Поклонная горын “Дайны замаар” хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Энэ хөшөөг Монголын ард түмнээс ОХУ-д бэлэг болгон босгосон түүхтэй.

Түүхэн гэрчүүдийг урилаа

Ялалтын баярын хүрээнд Монгол Улсаас:

  • Гавьяат хөдөлмөрийн баатар С.Цэгмид (102 настай) – “Фронт Цэгмид” хэмээн олноо алдаршсан,
  • Халх голын байлдааны ахмад дайчин Ц.Чимидцэрэн (100 настай) нарыг хүндэт зочиноор урьжээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн анхаарал

Арга хэмжээг сурвалжлахын тулд 2500 гаруй сэтгүүлчийг багтаах чадамжтай Олон улсын хэвлэлийн төв 5-р сарын 8-нд нээгдсэн бөгөөд 10-ныг хүртэл ажиллана. Энд дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн агентлагууд, тэр дундаа барууны мэдээллийн байгууллагууд хүртэл ирж, сурвалжилж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд