Монгол Улсын Засгийн газар болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд Английн премьер лигийн “Фүлхэм” клубтай байгуулсан хамтын ажиллагааны дагуу Монголын өсвөрийн шилдэг 11 хөлбөмбөгчин Английн Лондон хотыг зорьжээ.
Эдгээр тамирчид энэ сарын 2-7-ны хооронд “Фүлхэм” клубийн албан ёсны бэлтгэлийн баазад мэргэжлийн түвшний сургалтад хамрагдана. Түүнчлэн тэд тавдугаар сарын 6-нд болох “Фүлхэм” – “Ливерпүүл” багуудын тоглолтыг урилгаар үзэх ховор боломжтой болжээ.
Ирээдүйн шигшээ багийн залгамж халаа
Энэхүү хамтын ажиллагаа нь:
- Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон хүүхэд, залуусыг олон улсын төвшинд бэлтгэх,
- Тамирчдын ур чадвар, мэргэжлийн боловсролыг нэмэгдүүлэх,
- Монголын хөлбөмбөгийг дэлхийд сурталчлах,
- Хүүхэд, залуусыг спортоор хичээллэх, хөдөлгөөний идэвхтэй амьдралын хэв маягт уриалах зэрэг иж бүрэн зорилготой юм.
Шилдгүүд хэрхэн тодров?
Өнгөрсөн онд “Фүлхэм” клубийн албан ёсны дасгалжуулагчид Монгол Улсад хүрэлцэн ирж, 160 гаруй хүүхдийг хамарсан бэлтгэл, сорилго явуулсны үр дүнд өнөөх шилдэг 11 хүүхдийг сонгон шалгаруулжээ. Энэхүү сургалт нь зөвхөн спортын ур чадварын шалгуурт тулгуурлаагүй бөгөөд сахилга бат, сэтгэл зүй, ирээдүйн хөгжлийн боломж зэрэг олон үзүүлэлтээр дүгнэгдсэн байна.