Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцыг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тус төслийг Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс Газ” төслийн нэгж, Оросын талаас “Газпром” компанийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) 2022 оны нэгдүгээр сард баталсан бөгөөд инженерийн хайгуул, нарийвчилсан зураг төслийн баримт бичгүүдийн магадлалыг 2024 онд дуусгахаар төлөвлөжээ.
Мөн шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж, 2025 оны гуравдугаар улиралд багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОННҮ)-г хийхээр төлөвлөсөн байна.
Төслийн үндсэн үзүүлэлтүүд:
- Хийн хоолойн нийт урт: 958.6 км
- Хамрах хүрээ: 6 аймаг, 22 сум
- Байршил: Хойд хилээс урд хил хүртэл, газар доогуур
- Ажлын байр: Барилгын үед 12,000, ашиглалтын үед 1,000 гаруй
Шадар сайдын танилцуулгад дурдсанаар, ТЭЗҮ-ийн дүнгээр төслийг техникийн хувьд хэрэгжүүлэх бүрэн боломжтой, эдийн засгийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үүсгэхгүй хэмээн үзжээ. Мөн:
- Төслийн хэрэгжилтээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
- Эрчим хүчний хямд эх үүсвэр болох байгалийн хийгээр цахилгаан, дулааны станц барьж, системийн найдвартай байдал, уян хатан чанар дээшилнэ.
- Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд зэрэг хотуудад дотоодын хэрэглээнд зориулсан хий түгээх боломж бүхий гаргалгааг зураг төсөлд тусгасан нь агаарын бохирдлыг бууруулах томоохон алхам болохыг онцоллоо.