Монгол орны уулсын өндрийг орчин үеийн өндөр нарийвчлалтай GNSS технологийн тусламжтайгаар дахин тогтоожээ. Энэхүү хэмжилтийн ажлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Уулчдын үндэсний холбоо болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн байна.
Хэмжилт 2025 оны найм, есдүгээр сард хийгдсэн бөгөөд өмнөх баримт, албан ёсны тогтоолтой харьцуулахад шинэ үр дүнг гаргажээ.
Хэмжилтийн гол дүн
- Таван Богд уул
- Өмнөх эх сурвалжид: 4104 м
- 1980 оны тогтоолоор: 4082 м
- 2025 оны хэмжилтээр: 4081 м
- Хүйтэн уул (Монголын хамгийн өндөр цэг)
- Сурах бичиг болон олон эх сурвалжид: 4374 м
- Зарим эх сурвалжид: 4352 м
- 2025 оны наймдугаар сарын хэмжилтээр: 4351 м
- Мөнххайрхан уул
- 1980 оны тогтоолоор: 4204 м
- Зарим эх сурвалжид: 4362 м
- 2025 оны есдүгээр сарын хэмжилтээр: 4196 м
Хэмжилт гүйцэтгэсэн баг
Энэхүү томоохон төслийг геодезийн зөвлөх инженер О.Хосбаяр, инженерүүд О.Пүрэвдорж, Э.Уранболор нар гүйцэтгэсэн бөгөөд Мөнххайрхан болон Хар Ан ууланд нийтдээ 21 цагийн авиралт хийсэн байна.
Сүүлийн жилүүдэд уулсын нэршлийг буруу ашиглах тохиолдол түгээмэл болсон тул орон нутгийн захиргаа болон Уулчдын үндэсний холбоо хамтран ажиллаж, УИХ-аар батлагдсан албан ёсны нэршлийг олон нийтэд түгээхээр болсон байна.