Испанийн нэр хүндтэй уралдаанд өндөр амжилт үзүүлэв
Испанийн Эстелья – Лисарра чиглэлд болсон 203.9 км-ийн урттай “Gran Premio Miguel Indurain” тэмцээнд дэлхийн шилдэг 132 дугуйчин оролцсон бөгөөд Монголын олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц завсрын шатыг өндөр амжилтаар туулж, шилдэг спринтерээр тодорлоо.
Тэрбээр Пуэнте ла Рейна (27.7 км) болон Вильятуэрта (45 км) зогсоолд хоёрдугаар байрт орж, Легариа (73.7 км) болон Альто-де-Гигильяно (113.9 км)-д эхний байраар барианд орсон юм. Хэдий Альто-де-Гигильяно (138.6 км)-д хүч нь сулран 114-р байрт бичигдсэн ч түүний хурд, ур чадварыг “Burgos Burpellet BH” баг онцлон магтжээ.
Эрүүл мэндийн бэрхшээлийг үл харгалзан тэмцэлдсэн нь бахархал төрүүлэв
Жамбалжамц уралдааны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа: “Би өөрийн төлөвлөгөөний дагуу уралдсан. Харамсалтай нь сүүлийн үед ханиад хүрч, халуурсан нь нөлөөлсөн. Гэсэн ч ийнхүү тэмцэлдэж, индэрт гарсандаа баяртай байна” хэмээн онцоллоо.
Олон улсын чансаанд амжилттай дэвшив
Сайнбаярын Жамбалжамц Азийн дугуйн холбооны чансаагаар хоёрдугаарт 358.3 оноотой явж байгаа бол дэлхийн чансааны 255-р байранд бичигдэж байна.