Монгол Улсын үндэсний шигшээ багийн боксчид Засгийн газрын шагналт, гавьяат дасгалжуулагч Ж.Энхтүүрийн удирдлага дор Европын улсуудад болсон олон улсын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, нийт 12 медаль хүртлээ.
Монголын баг тэмцээний эхний шатанд Польшийн нийслэл Варшав хотод болсон Дэлхийн цомд оролцож, 22 орны 250 гаруй боксчидтой өрсөлдөв.
- Мөнгө: ОУХМ А.Баттулга, Х.Билгүүнсайхан, М.Энхжаргал
- Хүрэл: Г.Лундаа, Б.Мишээлтуяа
Эдгээр амжилтын дүнд Монгол Улс багийн дүнгээр тавдугаар байрт орсон юм.
Германы Гейдельберг хотын спортын төвд хамтарсан бэлтгэл хийсний дараа шигшээ баг Нидерландын Эйндховен хотод болсон Дэлхийн цомд хүч сорьжээ. Тус тэмцээнд 28 орны 350 гаруй тамирчин оролцсон байна.
- Алт: Залуу ОУХМ Э.Номуундарь, ОУХМ Б.Мөнгөнсаран, О.Эсүгэн, Т.Энхтүүр
- Мөнгө: М.Энхжаргал, А.Баттулга
- Хүрэл: Э.Мичидмаа
Монголын баг энэ тэмцээнд нийт долоон медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлжээ.
Шигшээ багийн дараагийн тэмцээн Чехийн Усти-над-Лабем хотод 6-р сарын 11–14-нд болох Гран-при. Шагналт байрууд 6-р сарын 14-нд тодорно.