Тэмцээн 1-р сарын 8-нд Германд эхэлж, олимпын өмнөх гол шалгалт болно
Биатлоны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 8-нд Германд эхлэхээр байна. Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөлд тооцогдох энэ тэмцээнийг “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын өмнөх сүүлийн том сорил гэж үзэж байгаа бөгөөд Монголын шигшээ баг оролцохоор бэлтгэлээ Австри улсад хангаж байна.
Шигшээ багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагчдын баг
Монголын биатлоны шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын залуучуудын аварга, ОУХМ Э.Энхсайхан тэргүүтэй Ж.Гантулга, Б.Анхболд, М.Должинсүрэн, Х.Сумъяа нар багтжээ. Тэд Беларусь улсын гавьяат дасгалжуулагч Александр Владимирович Попов болон Зайцев Слав нарын удирдлага дор Австрид бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна.
“Милан-Кортина 2026” олимпын эрхийн төлөө чансааны хүлээлт эхэлнэ
Шигшээ багийн зорилго нь “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд нэг эрх авах. Үүний хүрээнд багийн тамирчид ирэх сард Германд болох “Дэлхийн цом”-ын дараа шинэчилсэн чансаагаа хүлээх бөгөөд биатлоны хувьд 2026 оны нэгдүгээр сарын 18-нд олимпод өрсөлдөх тамирчдын нэрс тодрох хуваарьтай байна.
