Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Биоблиц” өдөрлөг Хустайн байгалийн цогцолборт газарт боллоо. Тус арга хэмжээ нь тодорхой нутаг дэвсгэрт, тодорхой хугацаанд амьтан, ургамлын төрөл зүйлүүдийг бүртгэн баримтжуулах зорилготой, иргэдийн оролцоонд тулгуурласан шинжлэх ухааны үйл ажиллагаа юм.
Өдөрлөгийн хүрээнд оролцогчид нийт 1,200 гаруй байгаль орчны ажиглалтыг “Байгаль” аппликейшн дээр бүртгэсэн байна. Ажиглалт бүрийг биологийн олон янз байдлын мэргэжилтнүүд хянаж, төрөл зүйлүүдийг нарийвчлан тогтоож, баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулах санаачилгыг Монгол Улсын Их Сургуулийн Экологийн ангийн гуравдугаар курсийн оюутан Д.Цогт гаргасан бөгөөд хоёр өдрийн хугацаанд нийт 44 оролцогч Хустайн байгалийн цогцолборт газарт ажиллан төрөл бүрийн амьтан, ургамлыг судалж, баримтжуулжээ.