Монголын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээгдэж, манай улс “робот мэс засал”-ын дэвшилтэт технологийг нутагшуулсан дэлхийн 70 дахь улсаар бүртгэгдлээ. Сүүлийн гурван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн нарийн бэлтгэл ажил, хүчин чармайлтын үр дүнд өнөөдөр анхны робот мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэсэн байна.
Энэхүү технологи нь дэлхийн өндөр хөгжилтэй 69 оронд хэдийнээ нэвтэрсэн бөгөөд мэс заслын эмч нарт “гурав дахь гар” мэт ажиллаж, хүний гараар гүйцэтгэхэд бэрх, маш нарийн үйлдлүүдийг өндөр нарийвчлалтай хийх боломжийг олгодог хүчирхэг хэрэгсэл юм. Робот мэс заслын технологийн онцлог болон ирээдүйн давуу талуудаас дурдвал:
- Мэс заслын явцад хүрч ажиллахад төвөгтэй байрлалд өндөр нарийвчлалтай, гэмтэл багатай ажилбар хийх боломж бүрдэнэ.
- Технологи бүрэн нутагшсаны үндсэн дээр өндөр хурдны интернэтийн сүлжээг ашиглан алслагдсан орон нутгийн иргэдэд зайнаас мэс засал хийх нөхцөл бүрдэх юм.
Дэлхийн анагаах ухааны сүүлийн үеийн энэхүү ололтыг эх орондоо нэвтрүүлэх үйл явцад БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй нягт хамтран ажиллажээ. Түүхэн анхны энэхүү мэс заслыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн гардан удирдсан бөгөөд түүнийг уг технологийг Монголд нэвтрүүлэх санаачилгыг анх гаргагч гэдгийг салбарынхан нь онцолж байна.
Сайд Ж.Чинбүрэн монгол хүн дэлхийн анагаах ухааны хөгжил дэвшлээс хоцрох учиргүй бөгөөд өвчин эмгэгээс үүдэлтэй санхүүгийн дарамтад өртөхгүй байх бүх боломжийг эрэлхийлж буйгаа илэрхийлэв. Тэрбээр мөн салбарынхаа чадварлаг залуу эмч, сувилагч, баг хамт олноороо бахархаж байгаагаа онцлон тэмдэглэж, амжилт хүссэн юм.
Залуу шилдэг эмч нарын үзэж буйгаар, сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хөгжүүлсэн дурангийн мэс заслын туршлага нь энэхүү амжилтын бат бөх суурь болсон аж. Робот технологи нь манай улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн шилдэг инновацийг нэвтрүүлэх томоохон үүд хаалга, зориг, туршлага болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэд илэрхийллээ.
