Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдөр тэмдэглэдэг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.03.24/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сүрьеэгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаагийн хэлснээр сүрьеэ нь дэлхийд хамгийн аюултай халдварт өвчний нэг хэвээр байсаар байна. Энэ жилийн тэмдэглэлт өдрийг “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриан дор тэмдэглэж байгаа аж.
2023 онд Монгол Улсад нийт 3000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 5.6 хувиар буурсан үзүүлэлт боловч Улаанбаатарт өвчлөл нийт тохиолдлын 57 хувийг эзэлж, орон нутгуудад 43 хувьтай байна.
Тэрээр “Сүүлийн жилүүдэд сүрьеэг оношлох, эрт илрүүлэх технологийн дэвшилд анхаарч, эмд тэсвэртэй сүрьеэг оношлох чадамжтай болсон. Одоогоор улсын хэмжээнд 42 оношилгооны нэгжид 44 төхөөрөмж ажиллаж байгаа. Мөн 33 ширхэг зөөврийн болон дижитал рентген аппаратыг оношилгоонд ашиглаж байна” гэв.
Мөн нийслэл болон орон нутагт нийт найман явуулын шинжилгээний баг ажиллаж, сүрьеэгийн тандалт, илрүүлэлтийн ажлыг хийж байгаа юм.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте Монгол Улсыг сүрьеэгийн өндөр дарамттай орнуудын нэг хэмээн тодорхойлсон бөгөөд “2023 онд дэлхий даяар 10.8 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.2 сая хүн нас барсан” гэж мэдэгдлээ. Тэрээр мөн Монголын Засгийн газрыг сүрьеэгтэй тэмцэх чиглэлд гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийллээ.
Монгол Улсын хувьд сүрьеэгийн өвчлөлийн тархалт сүүлийн жилүүдэд өсөлттэй байна. 2020 онд 100 мянган хүн тутамд 413 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд энэ тоо 491 болж, 11 гаруй хувиар нэмэгджээ.
2023 онд сүрьеэгийн улмаас 328 хүн нас барсан бол 2024 онд энэ тоо 415-д хүрсэн байна. Энэ нь өдөрт дунджаар нэг хүн, 21 цаг тутамд нэг хүн сүрьеэгээр амиа алддаг гэсэн тооцоог харуулж байна.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нас баралтын түвшин нэмэгдэж буй нь сүрьеэгийн эрт илрүүлэг, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг илүү өргөн хүрээнд, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.