Эрүүл мэндийн яамнаас 6 сартайгаас 8 сартай хүүхдүүдийг кори өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулах шийдвэрийг гаргалаа. Энэ нь 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдөр корид нас барсан зургаа дахь тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой юм.
Эрүүл мэндийн яамны Халдварт өвчинтэй тэмцэх газрын мэдээлснээр, корид нас барсан зургаан хүний дөрөв нь 1 нас хүрээгүй хүүхэд байсан байна. Иймд 6-8 сартай хүүхдүүдийг дархлаажуулах нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
“2025 оны 6-р сарын 16-ны байдлаар, Монголд корийн халдвар авсан 7,717 тохиолдол бүртгэгдсэнээс 5 хувь нь 1 нас хүрээгүй хүүхдүүд байна. Тэдгээрийн 71.2 хувь нь огт вакцин хийлгээгүй байсан” гэж албаныхан онцоллоо.
Үндэсний халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр, сургууль болон цэцэрлэг хаах нь халдварын тархалтад нөлөө үзүүлээгүй байна. Эмнэлгийн хяналт, тандалтад 63,052 хүн хамрагдаж байгаа бөгөөд тэд халдвартай хүмүүстэй ойрын харьцалд орсон байна.
Өвчлөл хаанаас эхэлсэн бэ?
Корийн халдварын анхны тохиолдлууд 2025 оны хоёрдугаар сарын сүүлээр олон улсын нислэгээр Улаанбаатарт ирсэн иргэдээс илэрсэн. Харин сүүлийн удаа хүүхдүүдийн дунд корийн томоохон дэгдэлт 2019 оны гуравдугаар сард бүртгэгдэж байв. Гэвч 2016 онд ДЭМБ-аас Монгол Улсыг корийг устгасан улс гэж зарлаж байжээ.