Монголчуудын соёл, түүхийн өвийг олон улсад сурталчлах зорилготой “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” хэмээх томоохон үзэсгэлэн өнөөдөр Швейцарын Цюрих хотын “Ритберг” музейд нээлтээ хийж байна.
Энэхүү үзэсгэлэн нь Монголчуудын хоёр мянган жилийн түүхэн хөгжил, хот суурин, соёл иргэншлийн хувьсал, нүүдэлчин амьдралын уламжлал ба орчин үеийн хотжилтын уялдаа зэргийг харуулсан өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд:
- Монголын археологийн хамгийн сүүлийн үеийн ховор олдворууд,
- түүхэн дурсгал, эд өлгийн зүйлс,
- нийт 200 гаруй үзмэр дэлгэгдэж байна.
Орчин үеийн уран бүтээлчдийн оролцоо
Монголын уран бүтээлчдийн уран зургийн бүтээлүүдийг мөн дэлгэн үзүүлж байгаа бөгөөд үүнд М.Эрдэнэбаяр, Б.Баатарзориг, Э.Лхагвадорж, Ц.Номин нарын уран бүтээлчдийн нүүдэлчин соёл ба орчин үеийн хотжилтын уялдаа холбоог харуулсан бүтээлүүд багтжээ.
Энэхүү үзэсгэлэн нь Монголын эртний өв соёл, түүхэн уламжлал болон орчин үеийн уран бүтээлийн нэгдлийг дэлхий дахинд таниулах зорилготой бөгөөд Швейцарт зохион байгуулагдаж буй анхны ийм хэмжээний Монголын түүхэн үзэсгэлэн болж байна.
