АНУ-ын бейсболын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Major League Baseball (MLB)-ийн тоглолтын өмнө Монгол хүн хоёр дахь жилдээ онцгой үүрэг гүйцэтгэлээ. Миннесота мужийн Миннеаполис хотод амьдарч, бизнес эрхэлдэг, “Билли Суши” рестораны эзэн Ц.Энхбилэг буюу Билли Minnesota Twins багийн төлөөлөл болж, нээлтийн эхний бөмбөгийг талбай дээрээс шидсэн байна.
Энэ удаад ч тэрбээр монгол үндэсний дээлээ өмсөж, зөвхөн Монгол улсаа төдийгүй муждаа амьдарч буй азиудыг төлөөлөн гарч ирсэн нь онцлог байлаа.
Монгол залуугийн АНУ дахь замнал
Ц.Энхбилэг 20 настайдаа АНУ-г зорьж, өдгөө Миннеаполис хотод өөрийн “Билли Суши” рестораныг амжилттай ажиллуулсаар 16 жил болжээ. Тэрбээр өнөөдрийн байдлаар 500 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Миннесота мужийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн нэг болсон байна.
Түүний нэр хүнд зөвхөн орон нутагтаа бус, мужийн 200 мянга гаруй ази гаралтай иргэдийн төлөөлөл болж, АНУ-ын алдартай шоу нэвтрүүлгүүдэд хэд хэдэн удаа оролцсоноор улам өргөжсөн юм.
2023 онд Star Tribune сонин түүнийг Миннесота мужийн хамгийн нөлөө бүхий 50 хүний нэгээр нэрлэсэн бол түүний ресторанд хооллохын тулд хоёр сарын өмнөөс урьдчилан цаг захиалдаг гэдгээрээ алдартай.
Ц.Энхбилэгийн сэтгэгдэл
-Twins vs. Yankees тоглолтын эхний талбайг шидэх онцгой хүндэтгэлийг надад олгосон Миннесота Твинс багийнханд чин сэтгэлээсээ баярлалаа. Гол тавцан дээр намайг дэмжиж буй хүмүүсийн өмнө зогсох мөч миний насан туршдаа авч болох хамгийн том бэлэг байлаа. Яг тэр мөчид би энэ ертөнцөөс халиад сансар огторгуйд хөвж байгаа юм шиг санагдав. Намайг энд авчирсан аяллын тухай бодлоо. Ийм тайзан дээр зогсоно гэж төсөөлж ч байгаагүй Монголын бяцхан хүүгийн хувьд энэ нь мөрөөдлөөс илүү байлаа.