Айлчлалын хүрээнд спортын хамтын ажиллагаа яригдав
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Токушима мужийн Анан хотод зочиллоо. Тэднийг тус хотын дарга Иваса Ёшихиро, Иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нар хүлээн авч уулзсан байна.
Энэхүү уулзалтаар хоёр хотын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тэр дундаа Тийбол гэх бэйсболын суурь спортын төрлийг Монголд хөгжүүлэх талаар онцгой анхаарч, санал солилцжээ. Анан хот нь тус спортыг хөгжүүлсэн, сургалтын орчинтой анхдагч хотуудын нэг гэдгээрээ онцлогтой юм.
Монголд Тийбол спортыг хөгжүүлэх суурь тавигдаж байна
НИТХ-ын дарга А.Баяр уулзалтын үеэр “Тийбол спортыг Монголд хөгжүүлэх ажилд нийслэл онцгойлон анхаарч байна. Хотын зүгээс Тийбол болон бэйсболын зориулалтын талбай барих газрын асуудлыг шийдвэрлэсэн. Одоо бид сургагч багш нарыг бэлтгэх, дэд бүтцийг бий болгох, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар бэлтгэж байна” гэв.
Мөн тэрбээр Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широгийн хүүхдийн ирээдүйг дэмжих, спортын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлж, хоёр хотын хамтын ажиллагаа спортын салбараар дамжин үеийн үед батжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тийболын үндэсний холбооны үйл ажиллагаа өргөжсөөр байна
Монголын Тийболын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Богино хугацаанд бид 400 гаруй сургагч багш бэлтгэж, 2000 гаруй хүүхдийг Тийболд хамруулсан. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 9 дүүрэг Тийболын багтай болсон нь Бэйсболын үндэс суурь тавигдаж буй том алхам юм. Японы нөхөд, тэр дундаа Каваүчи Широ гуайн дэмжлэг бидэнд урам өгч байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.