Олон улсын үнэлгээний байгууллага “Фитч рейтингс” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+, тогтвортой” гэсэн ангилалд хадгалах шийдвэр гаргажээ. Энэ талаар тус байгууллага албан ёсоор мэдээлэл хүргэсэн байна.
Зээлжих зэрэглэлийг хадгалах шалтгаан
“Фитч” агентлагийн тайланд дурдсанаар, Монгол Улс гадаад орчны сөрөг нөлөөлөлд эмзэг байдлаа хадгалсаар байгаа нь гол эрсдэл хэвээр үлдэж буй ч эдийн засгийн тогтвортой өсөлтийн төлөв, Засгийн газрын өрийг тогтвортой бууруулж байгаа явдал эерэг нөлөө үзүүлсэн гэжээ. Мөн дараах хүчин зүйлс онцлог болжээ:
- Эдийн засгийн өсөлт: 2025 онд ДНБ-ий өсөлт 5.7%, 2026-2027 онд 5.3% байхаар таамаглаж байна.
- Салбарын хувь нэмэр: Хөдөө аж ахуйн салбар сэргэж, нүүрсний үнийн бууралтыг зэсийн экспорт нөхөж байгаа. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тогтвортой, бусад салбаруудын үйл ажиллагаа ч мөн тогтвортой байдалтай байна.
- Төсвийн удирдлага: Засгийн газар сүүлийн жилүүдэд төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлыг хянаж чадсан гэж дүгнэв. Засгийн газрын өр ДНБ-ий 40%-с доошд хүрэх төлөвтэй байна.
Гадаад өрийн удирдлага
“Фитч” агентлагийн тайланд дурдсанаар, Засгийн газар гадаад өрийг оновчтой удирдах замаар ирэх жилүүдэд төлөгдөх гадаад бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн нь 2026-2027 онд эргэн төлөх өрийн дарамтыг хөнгөлж байна гэжээ. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болжээ.