Бямба, 4 сар 19, 2025
HomeУлс төрМонгол Улсын Засгийн газар хийн хоолойн төслийн явцыг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газар хийн хоолойн төслийн явцыг хэлэлцлээ

2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа.

Төслийг Монголын талаас “Эрдэнэс Монгол” компанийн “Эрдэнэс Газ” төсөл хэрэгжүүлэгч нэгж болон Оросын талын хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” тусгай зориулалтын компани хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ТЭЗҮ-г 2022 оны нэгдүгээр сард баталж, тухайн жилдээ инженер геологийн судалгаа, хэмжилтийг хийж дуусгасан. Улсын тусгай хэрэгцээний газрын нөөцөд авах, төслийн баримт бичгийн бэлтгэл ажлыг 2024 онд дуусгасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 2025 оны III улиралд хийхээр төлөвлөжээ.

Газ хоолойн нийт урт нь 958.6 км байх ба Монгол Улсын нутаг дэвсгэрийн зургаан аймаг, 22 сумын нутгийг дайран өнгөрөх юм. ТЭЗҮ-ийн дүгнэлтээр төслийг техникийн хувьд хэрэгжих боломжтой, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэсэн байна.

Төслийн хүрээнд 12 мянга орчим шинэ ажлын байр бий болох бол ашиглалтын үед 1000 гаруй хүн тогтмол ажиллах боломж бүрдэх аж. Мөн байгалийн хий нь хямд өртөгтэй эрчим хүчний эх үүсвэр тул дулааны цахилгаан станц байгуулах, эрчим хүчний системийн уян хатан, найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Нэмж дурдахад, Улаанбаатар, Чойр, Сайншанд зэрэг хотуудыг хийн сүлжээнд холбохоор төслийн баримт бичигт тусгасан бөгөөд энэ нь Монгол Улсын дотоодын хэрэгцээнд хий ашиглах, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд