Монгол Улсын Засгийн газар 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болсон ээлжит хуралдаанаараа 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр мэдээлэхдээ, “2023 онд УИХ-аас баталсан боловсролын багц хуулийг хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр онцгой түлхэц өгнө” хэмээв.
Тэрээр мөн “Төрөөс боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого бодит ажил хэрэг болох нөхцөл бүрдэнэ. 2030 он гэхэд 88 мянган хүүхэд шинээр төрөхөөр тооцоолсон бөгөөд эдгээр хүүхдийг хамруулахын тулд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр шаардлагатай болно” гэдгийг онцолсон юм.
Засгийн газрын энэ шийдвэр нь 14 томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх суурь болно гэж салбарын сайд тодотголоо.