Монгол Улсын гадаад валютын албан нөөц богино хугацаанд 5 тэрбум ам.долларт хүрсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрбээр “Экспорт нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлд ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, валютын нөөцийг хамгаалах бодлогын хүрээнд хамтран ажиллаж байна” хэмээн онцлов. Түүнчлэн энэ хүрээнд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэж, бодлогын зөвлөмжүүдийг баталжээ.
Гадаад худалдааны үзүүлэлтүүд:
- Нүүрс: 17.4 сая тонн
- Төмрийн хүдэр: 1.8 сая тонн
- Зэсийн баяжмал: 456 мянган тонн (өмнөх оныхоос 24%-иар өссөн)
2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар валютын албан нөөц өмнөх долоо хоногтой харьцуулахад 305 сая ам.доллараар нэмэгдсэн бөгөөд энэ нь 5 тэрбум ам.долларын босгыг давсан гурав дахь тохиолдол болж байна. Тус нөөцийг тогтвортой хадгалах, цаашид нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч буйг Сангийн сайд тодотгосон юм.
Зэсийн экспортын өсөлт эдийн засагт түлхэц үзүүлж байна
Сангийн сайдын мэдээлснээр, оны эхний улиралд зэсийн экспорт биет хэмжээгээр 40%-иар нэмэгдэж, үүнийг дагаад татварын орлого өссөн байна. Ингэснээр нүүрсний экспортоос ирэх орлогын алдагдлыг зэсийн орлогоор нөхөх нөхцөл бүрдэж байгаа аж.
Хоёрдугаар улиралд эдийн засаг илүү идэвхжинэ
Б.Жавхлан сайд хэлэхдээ:
“Хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажил эрчимждэг онцлогтой. Энэ үед эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, орлого өсдөг. Иймд Засгийн газар хөрөнгө оруулалт, урсгал зардлын хувьд оновчтой, үр ашигтай төлөвлөлт хийхэд онцгойлон анхаарч байна” хэмээн тодотголоо.