Монгол Улсын Их Хурлын хаврын чуулган 2025 оны 3-р сарын 17-нд албан ёсоор эхэллээ.
Чуулганы нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан хэлэхдээ, чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд Хангай, Баруун, Төв, Зүүн болон Говийн бүсүүдэд ажиллаж, 25,000 гаруй иргэд, малчид, хоршооны гишүүд, худалдаачид, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчидтай уулзсан талаар онцоллоо.
Тэрээр иргэд төрийн боломж, эрх мэдлээс хэтэрсэн зүйл хүсээгүй ч, парламент жинхэнэ үүргээ гүйцэтгэж, иргэдийн амьжиргааг дэмжих, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг сануулсан гэдгийг тэмдэглэв.
Чуулганы гол анхаарах чиглэлүүд
- Мегатөслүүдийг хэрэгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, Засгийн газрыг бүрэн дэмжих
- Иргэдэд чиглэсэн хууль, бодлогын шинэчлэл хийх, хууль тогтоох арга барилыг өөрчлөх
- Шударга өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх хууль тогтоомжийг хэлэлцэх
Хаврын чуулганаар хэлэлцэх гол хууль, тогтоомжууд
- 2026 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл
- 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
- 2026 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний тухай УИХ-ын тогтоол
- 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн тайлан
- 2026-2028 оны улсын өрийн удирдлагын стратеги
- 2025 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
Монгол Улсын парламент энэ удаагийн чуулганаар эдийн засгийн хөгжил, хууль тогтоомжийн шинэчлэл, мегатөслүүдийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр чухал шийдвэрүүдийг гаргахаар ажиллах болно.