Мягмар, 7 сар 29, 2025
HomeНийгэмМонгол улсын газар нутгийн 77.8 хувь цөлжилтөд өртөөд байна

Монгол улсын газар нутгийн 77.8 хувь цөлжилтөд өртөөд байна

Монгол улсын бүх газар нутгийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр нэрвэгдээд байна. Энэ талаар Хятадын “Xinhua” агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) зэрэг олон улсын байгууллагууд мэдээлжээ.

“Xinhua” агентлагийн мэдээллээр, Монгол улсад 2020 оны байдлаар цөлжилтөд өртсөн газрын хэмжээ 76.9 хувь байсан бол энэ жил уг үзүүлэлт 77.8 хувь болж өссөн байна. Цөлжилтийн хамгийн их нөлөөтэй бүсүүдэд говийн нутаг болон баруун аймгууд орж байна. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл 2040 он гэхэд Монгол улсын нийт ойн талбайн 50 хувь нь алга болох эрсдэлтэй байна.

Судалгаанаас харахад цөлжилтийн нийт нөлөөллийн 87-90 хувийг хүний үйл ажиллагаа бүрдүүлж байна. Үүнд малын тоо ихсэхээс үүдэлтэй бэлчээрийн хэт ашиглалт, ойн хомсдол, уул уурхайн үйл ажиллагаа, дэд бүтцийн сөрөг үр дагавар зэрэг хүчин зүйлс голлох байр эзэлж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Gobi Story” төсөлд өгүүлснээр, Монголын уур амьсгалын өөрчлөлт ч цөлжилтөд ихээхэн нөлөөлж байна. Жишээлбэл, сүүлийн 80 жилд Монголын дундаж температур 2.25 хэмээр нэмэгдэж, хур тунадасны хэмжээ 7-8 хувиар буурсан байна.

Цөлжилтийн эсрэг Монгол улс тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн:

Нэг тэрбум мод тарих замаар цөлжилт, газрын доройтлыг 4 хувь хүртэл бууруулах, модны нөөцийг нэмэгдүүлж ойн эзлэхүүнийг 9 хувь болгож өсгөх мөн нүүрстөрөгчийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх зэрэг зорилго бүхий төсөл хэрэгжүүлж байна. Ойн агентлагийн 2025 оны 5 сарын танилцуулгад дурдсанаар, нийт тарьсан модны тоо 83.9 сая байна. Үүнээс 61 сая модыг шууд, 22.9 саяыг нь өөр улсын компаниудтай хамтарсан хэлбэрээр тарьсан бөгөөд үржилтийн үр нөлөө 5.45 % байгаа аж. Монгол-Солонгосын хамтарсан “Greenbelt” төсөл:

Энэхүү төсөл нь Монгол орны Лүн сум, Даланзадгад, Баянзүрх зэрэг бүсэд нийт ~3,046 га газар мод тарьсан бөгөөд 800,000 гаруй мод, 23 төрөл модонд анхаарч моджуулсан байна. Уг төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй юм. Эхний ээлжид (2007–2016) Лүн, Даланзадгад, Баянзаг дахь модны үржүүлгийн төв, сургалт, техникийн чадварыг нэмэгдүүлсэн. Харин удаах шатанд (2017–2021) Улаанбаатар хотод “Mongolia–ROK Friendship Forest” буюу 40 га ойн бүс ба 55,000 мод бүхий цэцэрлэг байгуулсан. Тийнхүү одоо (2021–2026) Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ зэрэг хойд бүсэд гал унтраах болон нэмэлт байгууламж бүхий нөхөн сэргээлттэй төслүүд хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Солонгос улсын “Greenbelt” төсөлтэй хамтран 3,000 гаруй га талбайд мод тарьсан байна. “UNCCD COP17” хурал Монголд:

НҮБ-ын Газрын доройтолтой тэмцэх конвенцын (UNCCD) 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Энэ хурал нь дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчдийг цуглуулж, цөлжилтийн эсрэг бодит хамтын ажиллагааг хэлэлцэх олон улсын тавцан болох аж. Цөлжилт Монгол Улсын байгалийн тэнцвэрт байдал, бэлчээрийн менежмент болон уур амьсгалын аюулгүй байдалд ноцтой дарамт үзүүлсээр. Гэхдээ эрх баригчид урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн ажлуудыг системтэй бөгөөд тогтвортойгоор хэрэгжүүлж чадвал хохирлыг багасгах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнд иргэд бидний оролцоо ч мөн адил нэн чухал гэдгийг байгаль экологичид сануулсаар байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд