Монгол Улсын эдийн засаг 2025 онд 7.4 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд үүнд уул уурхайн салбарын өсөлт голлох нөлөө үзүүлэхээр байна. Нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдаж, Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэнээр салбарын өсөлт хурдасах төлөвтэй байна.
Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс
- Уул уурхайн салбарын өндөр өсөлт
- Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт
- Эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилт
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын өсөлт
Дунд хугацаанд эдгээр хүчин зүйлс эдийн засгийн өсөлтийг дэмжих ч 2027 оноос гадаадын эрэлт буурах, хөрөнгө оруулалтын хэмжээ багасах, худалдааны нөхцөл муудах зэрэг шалтгаанаар өсөлтийн хурд саарах төлөвтэй байна.
Инфляцийн хандлага
2025 оны турш инфляц зорилтот түвшингээс давж, 2026 оны хоёрдугаар улирлаас тогтворжих төлөвтэй байна. Дотоодын зах зээл дээр гурил, мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа нь хүнсний бүтээгдэхүүний инфляцийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болно. Үүнээс гадна дотоодын хэрэглээний өсөлт, төгрөгийн ханшийн сулрал нь импортын болон дотоодын бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж, инфляц 2025 онд хоёр оронтой тоонд хадгалагдах магадлалтай.
Монголбанкны мэдээлснээр эдийн засгийн өсөлтийн хурд саарах, төрийн үнийн зохицуулалтын нөлөө буурах, мөн валютын ханшийн хэлбэлзэл, төсвийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс цаашдын инфляцийн хандлагад нөлөөлж болзошгүй байна.
2025 оны эхний байдлаар эдийн засгийн гол үзүүлэлтүүд
- 1-р сард инфляц 9.6 хувьд хүрч, өмнөх сараас 0.6 хувиар өссөн.
- Үүнд эдийн засгийн өсөлт, цалингийн нэмэгдэл, импортын барааны үнэ, түрээсийн төлбөр, цахилгааны үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн.
- 410 нэр төрлийн бараанаас 48 хувийнх нь үнэ 8 ба түүнээс дээш хувиар өссөн.
Салбаруудын өсөлт ба гадаад эдийн засаг
Гадаад худалдаа амжилттай үргэлжилж, тээврийн салбар 23.1 хувийн өсөлт үзүүлсэн бол үйлчилгээний салбар 8 хувиар өсөж, эдийн засгийн нийт өсөлтөд 4.8 хувийн нэмэгдэл үзүүлсэн байна. Татварын орлого нэмэгдэж, бараа бүтээгдэхүүнээс төвлөрөх цэвэр татвар 16.1 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтөд 2 хувийн нэмэгдэл авчирчээ.
Уул уурхайн салбар 10.8 хувиар өссөн бөгөөд нүүрсний олборлолт 100 сая тоннд хүрсэн нь гол хүчин зүйл болсон. Мөн Оюутолгойн зэс, алтны олборлолт нэмэгдсэн байна. Гэвч өнгөрсөн онд зудын улмаас 9 сая гаруй мал хорогдсоноос хөдөө аж ахуйн салбар 28.7 хувиар агшсан үзүүлэлттэй гарчээ.