Импортын хэмжээ өсч, эрүүл мэндийн эрсдэл нэмэгдэж байна
Тамхины хэрэглээний эрс нэмэгдлийг дагаад импортын тоо хэмжээ ч өсөж буйг УИХ-ын гишүүн О.Номинчимэг онцлон тэмдэглэлээ. Түүний мэдээлснээр, 2024 онд Монгол Улс нийт 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолсон нь хүн амд хуваан тооцвол нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг тамхи ногдож байна гэсэн тооцоо гарчээ.
Татварын хөнгөлөлтөд эргэлзээтэй хандлаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Евразийн эдийн засгийн холбоотой хийж буй түр хэлэлцээрийн хүрээнд тамхины татварыг 30 хувиар хөнгөлөх саналыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тэрээр “Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн нөхцөлөөс харахад талхнаас хямд тамхи орж ирэхээр байгаа нь эрүүл мэнд, эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ. Татвар буурвал тамхины хэрэглээ улам нэмэгдэх эрсдэлтэй” хэмээв.
Эрүүл мэндийн хохирол ба эдийн засгийн алдагдал
Түүний дурдсан тоон мэдээллээр, Монгол Улсад жилд дунджаар 4300 хүн тамхинаас үүдэлтэй өвчлөл, хүндрэлээр нас бардаг. Үүнтэй зэрэгцэн тамхины татвараас улсын төсөвт жил бүр 68 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг байна. Харин татварын хөнгөлөлт хэрэгжвэл энэ орлого буурч, төсөвт хүндрэл үүсэх магадлалтай гэж анхаарууллаа.