Монгол Улс 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийснээс хойш анагаах ухааны энэ салбар дахь чадавх, тоног төхөөрөмж, мэргэжилтний бэлтгэлийн хувьд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж, удахгүй 400 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаа хийх гэж байна. Харин 2006 оноос хойш энэ төрлийн хагалгааг тогтмол хийж эхэлжээ.
Жил бүр нэмэгдэж буй тоо
- 2008–2018 онд жилд дунджаар хоёр хүнд бөөр суулгаж байсан.
- 2019 онд 11 хагалгаа,
- 2020 онд 6,
- 2021 онд 8,
- 2022 болон 2023 онд тус бүр 4,
- 2024 онд 10 хагалгаа хийгджээ.
2025 оны төлөвлөгөө
Энэ жил Улсын нэгдүгээр төв эмнэлэг 60 хүнд бөөр шилжүүлэн суулгах зорилт тавьсан байна. Өмнө нь бөөр авсан 399 өвчтөний 57 нь тархины үхэл тогтоогдсон донороос эрхтэн хүлээн авчээ. Харин одоогийн байдлаар 700 орчим хүн эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай байна.
Хяналт, эмчилгээ, статистик
Тус эмнэлэг одоогоор:
- Монголд бөөр шилжүүлэн суулгуулсан 318 хүний,
- Гадаадад бөөр суулгуулсан 184 хүний эрүүл мэндийн байдлыг хянаж байгаа бөгөөд эмчилгээний эмүүдийг үнэгүй олгож байна.
2024 оны байдлаар:
- 262 хүн бөөр орлуулах аппараттай холбогдож,
- 2988 хүн гемодиализын эмчилгээ хийлгэсэн байна.
Насны ангиллаар:
- 0–19 нас: 49 хүн
- 20–44 нас: 832 хүн
- 45–64 нас: 1481 хүн
- 65–74 нас: 457 хүн
- 75 ба түүнээс дээш: 169 хүн
Төвөгтэй сорилт
2024 онд төгсгөлийн шатны бөөрний дутагдалтай 607 шинэ тохиолдол оношлогдсон нь сэтгэл түгшээх үзүүлэлт юм. Мөн энэ оноштой 167 хүн нас барсан, харин 50 хүн бөөр шилжүүлэн суулгуулснаар диализ шаардлагагүй болсон байна.
Одоогоор тус тасаг гуравхан ортой тул сард зургаан мэс засал хийх боломжтой байгаа талаар Улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг хариуцдаг М.Эрдэнэсайхан мэдээллээ.