Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Монгол-Солонгосын стартап форум”-ыг амжилттай зохион байгууллаа.
Инноваци, хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ алхам
Монгол Улс түүхий эдээс хамааралтай эдийн засгийн бүтцийг багасгаж, бизнесийн орчинг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Энэ хүрээнд хоёр улсын гарааны бизнес эрхлэгчид амжилтын туршлагаа хуваалцаж, хөрөнгө оруулалт, санхүүжилт, экспортын боломжийн талаарх мэдээллийг харилцан солилцов.
ЭЗХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү форумын үеэр “БНСУ бол дэлхийн хэмжээний томоохон корпорацуудтай, эдийн засгийн хурдтай өсөлт бүхий улс. Энэ удаагийн уулзалтад хоёр орны 20 орчим залуу бизнес эрхлэгч оролцож байна. Тэд дэлхийн зах зээлд амжилттай нэвтэрсэн, шинэлэг шийдэл бүхий гарааны бизнесүүдийг хөгжүүлж чадсан. Тэдний туршлага манай залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Гарааны бизнес бол эрсдэл өндөртэй загвар тул төрийн зүгээс олон төрлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай” хэмээн онцоллоо.
Солонгосын дэмжлэгийн бодлого, туршлагаас суралцана
БНСУ нь гарааны бизнесийг бүс нутгийн бизнес инкубаторууд, татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг зэрэг олон хэлбэрээр төрөөс бодлогын түвшинд дэмждэг. Энэ нь шинэ санаа бүхий компаниуд туршлага хуримтлуулж, хөгжихөд эерэг нөлөө үзүүлдэг байна.
“Ingstory” компанийн үүсгэн байгуулагч Кан Нам Ку “Манай компани боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Солонгост аль хэдийн 700 гаруй сургалтын зориулалттай кафе бий. Оюутнуудад зориулсан ийм орчныг Монголд бий болгох төлөвлөгөөтэй. Бид Улаанбаатарт хүрэлцэн ирэх замын зардлаа хүртэл төрөөс дэмжүүлсэн. Монголд яг ямар дэмжлэг үзүүлж болохыг эндээс тодорхойлно гэж найдаж байна” хэмээн хэллээ.
Хоёр орны хамтын ажиллагаа тэлж байна
Форумын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, 2024–2028 онд хэрэгжүүлэх 14 томоохон төсөл, Монгол-Солонгосын Эдийн засгийн түншлэлийн гэрээний талаар мэдээлэл танилцуулсан юм.
Мөн боловсрол, эрүүл мэнд, соёл, хүнсний үйлдвэрлэл, загвар, барилга, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын солонгос компаниуд оролцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж байна.